http://medee.mn/main.php?eid=114536
ЭГЭЛ ЖИРИЙН ХӨДӨӨНИЙ МАЛЧИД ДЭЛХИЙН ЧАНАР, СТАНДАРТАД НИЙЦСЭН 20 ЖИЛ ХАДГАЛАГДДАГ БЯСЛАГИЙГ ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА-
“Монгол бяслаг Монгол улсыг дэлхийд төлөөлөх боломжтой” хэмээн ярих хүн бол Майкл Морроу. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 онд “Монголын бяслаг урлаачдын холбоо”-г /МACU/ байгуулж, цагаан идээг гадаадын зах зээлд гаргаж, Монголын нэрийн хуудас болохуйц бяслаг үйлдвэрлэхийг зорьж яваа нэгэн. Тус холбоо нь бяслаг бүтээгч жижиг цехүүд, хувь хүмүүстэй хамтран, бяслаг хийж сурах, бяслаг хийж сургах, бүтээх сүлжээг бий болгож, гадагшаа сурталчлах, таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Морроу холбоо нийслэлд нэг үйлдвэр, хөдөө орон нутгийн таван байршилд бяслагны үйлдвэрлэлээ явуулж буй. Ингэхдээ малчидтай гэрээ хийгээд өөрийн технологиор, гар аргаар бяслаг хийлгэдэг гэлээ. Эднийх 15 төрлийн бяслаг хийх технологитой бөгөөд тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг суманд “Хустай Гоуда”, Өвөрхангай аймгийн Уянга суманд “Yak cheddar” нэртэй бяслагийг гар аргаар дэлхийн чанар, стандартад нийцсэн тансаг сайхан бяслаг хийж байна. Тус үйлдвэрийн хамгийн алдартай нь “Гоуда” бяслаг бөгөөд 1995 оноос үйлдвэрлэн борлуулж байна.
Майкл Морроу ирэх жил хөдөө орон нутагт дахин гурван байршилд үйлдвэр байгуулан бяслагны үйлдвэрлэл явуулах төсөл эхэлчихсэн ажиллаж байгаа гэв. Цаашид Монгол орон даяар нийт 100 үйлдвэр байгуулан 200 төрлийн бяслаг үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох төлөвлөгөөгөө ч гаргажээ. Тэрээр мөн өнгөрөгч онд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бяслагны загвар үйлдвэрээ барьж дуусаад энэ оны наймдугаар сард Монголын хууль дүрмийн дагуу зөвшөөрөл баталгаагаа албан ёсоор авч, есдүгээр сараас бяслагаа их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний үйлдвэрлэж буй бяслаг артизан буюу “гар урлалын бүтээл төрөлд” ордог. Франц болон Швейцарт энэхүү артизан чиглэлийн бяслаг түлхүү үйлдвэрлэгддэг бөгөөд 1000 гаруй жилийн өмнө хийж байсан зүйлийг Монгол улсад хийж эхлээд байгаа нь энэ юм. Зун буюу таван хошуу малаас сүү, цагаан идээгээ хангалттай хэмжээнд авчихсан үед л илүү идэвхтэй явагддаг үйлдвэрлэл аж. Ялангуяа хавар нялх төл гарсан, шинэ ангир уурагтай сүү бяслаг үйлдвэрлэгчдэд хамгийн сайхан “АЛТ”. Ийнхүү зун хийсэн бяслагаа зөв бойжуулж, хадгалах нарийн технологиор дамжуулан хэрэглэгчдийн гарт шинэхнээр нь хүргэнэ гэсэн үг юм.
-ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨН ЖИЛД 250 САЯ ТОНН БЯСЛАГ ХЭРЭГЛЭЖ БАЙХАД УЛААНБААТАР 1000 ТОНН ХҮРЭХГҮЙГ ХЭРЭГЛЭДЭГ-
Майкл Морроу бол Америкийн иргэн. Түүний эхнэр нь Хятад улсын иргэн бөгөөд бяслагийн мэргэжилтэй юм байна. Тэрээр Хятад болон зүүн өмнөд Азийн орнуудаар удаан хугацаагаар ажиллажээ. Хятадад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, шинэ зүйл санаачлан хийх зорилгоор 2013 онд Монгол Улсыг зорин иржээ. Энд ирээд 2014 онд бяслаг хийдэг хүнтэй танилцсан байна. Ингээд 2016 оноос зах зээлд нийлүүлэн албан ёсоор зарж эхэлжээ.
Тэрээр “Байгальд ургасан өвс ногоо идэж, голын уснаас уун, тэр чигтээ байгалийн гэсэн хамгийн сайн зүйлсээр тэжээгдэж, тэндээсээ сүү саалиа өгч байгаа үзэгдэл бол дэлхийн өөр хаа ч байх боломжгүй зүйл юм. Энэ бол хамгийн том давуу тал” гэдгийг олж харсан төдийгүй, Монголын бяслаг дэлхийн брэнд болж чадна гэдэгт итгэдэгээ нуусангүй. Тиймдээ ч Монголын бяслагийг Монголын нэрийн хуудас болгон дэлхийд таниулах зорилго өвөртөлж яваа байх.
Гэвч манай улс олон сая толгой малтай, сүү элбэгтэй ч одоогийн байдлаар хүн амын 90 гаруй хувь нь импортын бяслаг, масло зэргийг хэрэглэдэг байна. Импортын бүтээгдэхүүн хадгалалтын хугацааг уртасгахын тулд үнэр амт, дарах нэмэлт бодис ашигладаг байна. Тухайлбал, ОХУ-аас бяслаг тээвэрлэн авч ирэхэд л нэг сар гаруй хугацаа зарцуулдаг. Олон хоног тээвэрлэн авч ирдэг импортын бяслагийг Монголын зарим дэлгүүр шаардлага хангахгүй хөргүүрт байлгадаг зэрэг олон бэрхшээл үүсдэг байна.
Энэ талаар тэрээр хэлэхдээ, “Дэлхийн зах зээлд бяслагны эрэлт хэрэгцээ асар их, гэтэл Улаанбаатарын хэрэглээ маш бага байна. Тухайлбал, дэлхийн хүн төрөлхтөн жилд 25 сая тонн хэмжээний бяслаг хэрэглэж байна. Гэтэл Улаанбаатар 1000 тонн хүрэхгүй хэмжээтэйг хэрэглэдэг. Монголд бяслаг худалдан авагчид пиццанд л ихэвчлэн зориулж авдаг. Мөн үнэтэй, сайхан бяслагийг үнэтэй тансаг зэрэглэлийн бяслагнаас ялгаж хэрэглэхээ хараахан мэддэггүй. Уг нь Монголд сайн чанарын бяслаг хийж, дэлхийн зах зээлд нийлүүлэх хангалттай хэмжээний боломж бололцоо бий. Улаанбаатарын зах зээлд бид одоогийн байдлаар 20-30 тонныг л үйлдвэрлэн зарж байна. Манай компанийн байгуулсан нийслэл дэх үйлдвэр шиг хэмжээтэй хоёр үйлдвэр байхад л энэ хотын бяслагны хэрэгцээг хангаад байх бүрэн боломжтойг судалгаанаас харж болно. Бид 100 үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ч, түүний хоёр нь л нийслэлийн хэрэгцээг хангаад байвал үлдсэнийг нь яах вэ. Бид энд зөвхөн сайн чанарын бяслаг л ярьж байгаа шүү. Зөвхөн Хятад улсад л гэхэд яг одоогоор 3000-5000 тонн хэмжээний сайн чанарын бяслагны эрэлт, хэрэгцээ бий. Тэгэхээр энэ 100 үйлдвэрийн сайн чанарын бяслагаа Хятад, ОХУ, Солонгос, Япон, Хонг-Конг зэрэг таван улсын хэрэгцээг хангах боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл Монголд сайн чанарын бяслаг хийж, экспортод гаргах эрэлт, хэрэгцээ бэлэн байна. Гэвч олон жижиг “бяслагчдыг” зангидаж нэг цул болгох, хийсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэсэн хоёр том асуудал бий. Үүнийг ямар чухал асуудал болохыг албаны хүмүүс болон тэр тусмаа засгийн газар нь төдийлөн сайн ойлгохгүй байна.
Монголын бяслаг үйлдвэрлэгчид их хэмжээгээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно гэдэгт найдаж байгаагаа "Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкал Морров мэдэгдлээ.
-САЙН ЧАНАРЫН МОНГОЛ БЯСЛАГ ЭКСПОРТОД ГАРГАХАД ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО НЭН ШААРДЛАГАТАЙ-
Гэвч Монголын мал аж ахуй, цагаан идээг ашиглан дэлхийн зах зээлд Монголын гэсэн нэрийн бүтээгдэхүүн гаргах, дэлхийд таниулах үйлсэд нь бишгүй л саад бэрхшээл тохиоллдог тухай тэрээр ярьсан юм. Энэ тухай тэрээр, “Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хэцүү л дээ, олон бэрхшээл тулгардаг. Тухайлбал,
Нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг энд тэндээс олж цуглуулна. Гэвч хоорондоо нэг баг болон хамтарч ажиллаж чаддагүй. Монгол хүмүүсийг нэг баг болгон ажиллуулах тун хэцүү. Гэрээ хийхдээ хүн тус бүрт өөр өөр төрлийн бяслаг бага хэмжээгээр хийх даалгавар оноодог. Хятадад ажиллаж байх туршлагаар бол хүн бүр дор дороо сайн ажилласны эцэст нь тэднийг нэг цэгт зангидаж зах зээлд гаргах сайн бизнес хийх явдал байдаг. Гэтэл бид олон төрлийнхийг хийлгэмээр байдаг. Учир нь чи нэгнийх нь амтанд дурлаж байхад, өөр нэг хүн нөгөө бяслагных нь амтанд дурлаж болох олон сонголттой байх юм л даа. Олон бяслагчдыг нэг дор зангидаж ажиллана гэдэг нэг том бэрхшээл юм.
Хоёрдугаарт, хүмүүс бизнесээ томоор бодож, сэтгэж чаддаггүй. Жаахан юм хийчихээд түүнийг торонд хийгээд зах дээр гаргаж зарахыг боддогоос биш экспортод гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлэх юмсан гэх зорилго байдаггүй. Бид Монгол бяслагийг экспортод гаргах гэж гурван жил ажиллаж байна. Тухайлбал, засгийн газар хоорондын ажил явагдахгүй байгаа нь хамгийн том асуудал. Наад зах нь нэг улстай бяслаг экспортлоход “танай бяслагийг импортлохыг зөвшөөрлөө” гэх засгийн газар хоорондын протокол хийгдэж байж шийдэгддэг. Монгол улс цагаан идээний төрлийн, бяслагийн худалдааны протоколыг ихэнх улсуудтай, ялангуяа хоёр хөршийнхөө нэгэнтэй нь байгуулаагүй байх юм. Энэ нь гол асуудал. Хятадад олон жил ажилласны хувьд энэ талын сувгийг нээх гэж хичээж л байна. Засгийн газрын хэмжээнд ярих болоход янз бүрийн бэрхшээл тулгардаг. Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхий сайд, Хятадын Ерөнхий сайдтай энэ талын протоколд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл гарын үсэг зурсан ч түүнийг хэрэгжүүлэх шат нь явцгүй буюу одоо хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Ирэх жил ямар ч байсан хэрэгж